Сум байгуулагдсан түүх
1911 оноос өмнө буюу Манжийн ноёрхлын үед одоогийн Цэнгэл сумын цагаан,улаан (мончаг), хар гэсэн 3 соёны тыва үндэстнүүд Ховдын хязгаарын 7 хошуу урианхайн цэрэг,хамжлага байсан бол казах өрхүүд Шеруши Үкирдад харьяалагджээ.Манж Чин улсын ноёрхлыг түлхэн унагаасны дараа Алтайн урианхай,Шеруши Үкирда-гийн айл өрхүүд 1912 оноос Богд хаант Монголын тулгар төрд багтан орсны дотор одоогийн Цэнгэл сумын иргэдийн өвөг,дээдэс байв. 1921 оноос Тывагийн 3 хошууг,3 сум, казахын Үкирда нарт харьяалах айл өрхүүдийг 1923 оноос Шыбарайгыр, Шеруши гэсэн 2 хошуу болж,одоогийн Цэнгэл сумын нутагт амьдарч байсан казах иргэд Шеруши хошуунд харьяалагджээ.1925 онд тыва 3 хошуу нийлэн Цэнгэл хайрхан сум болж, Чандмань уул аймагт, 1930 онд Шеруши хошууны харья Бахат, Санрау, Хурман сумд байгуулагдан мөн аймагт,1932 оноос эдгээр сумд Ховд аймагт харьяалагдсан.Санрау, Хурман сумдын ардуудын ихэнх нь одоогийн Цэнгэл сумын нутагт амьдарч байв.1938 онд овог, отгийн нэрээр байгуулагдсан сумд газар,усны нэрээр нэрлэгдэх болж Цэнгэлхайрхан, Цагаан гол сум байгуулагдан Ховд аймагт,1940 оны 8-р сараас Баян-Өлгий аймагт харьяалагджээ.1952 оны 10-р сард Цэнгэлхайрхан сумын нэрийг Цэнгэл болгожээ.1963 онд Цэнгэл, Цагаан гол сумд нэгдэн Цэнгэл сум хэмээн нэрлэгдэж,1972 оны АИХ-ын тэргүүлэгчдийн 158-р тогтоолоор сумын төвийг Хөшөөт гэж нэрлэсэн байна.
Сумын онцлог
• Тус сумд Тыва, казах гэсэн 2 үндэстэн амьдардаг.
• Монгол улсын хамгийн баруун цэгт оршдог.
• Монгол Алтайн өндөр уулын бүсэд оршдог.
• Хятад улстай хил залгадаг.
• Аялал жуулчлалын үзэсгэлэнт газар элбэг.Алтай Таван богд уг сумын нутагт байрладаг.
• Байгалийн цогцолборт газар болох Шивээтхайрхан, Цэнгэлхайрхан, Дөнгөрөг уул,Хотон,Хурган нуур болон Цагаан усны халуун рашаан энэ нутагт байдаг.Дэлхийд алдартай 20 км Потанины мөсөн гол Алтай Таван богдоос эхлэлтэй бөгөөд тус сумын нутаг дэвсгэрт оршдог.
Цэнгэл нутгийн өлзий буян нь магтаж баршгүй газар ус,бахдаж баршгүй гайхамшигтай онгон байгальд нь байдаг.Баян-Өлгий аймгийн баруун хэсэг Улаанбаатар хотоос 1800 орчим км.Цэнгэл сум нь 646.3 мянган га талбай бүхий нутагтай, улсын хамгийн өндөрлөг газарт оршдог.Уул нурууд нь далайн түвшингээс дээш 3000-4374 м хүртэл үнэмлэхүй өндөртэй ба сумын төв болох Хөшөөт нь д.т.д 1800 м өндөрт, Х.Ө 48 ᵒ 57’ ,89ᵒ 45’ солбилцолд оршдог.Цэнгэл сум нь эх орныхоо баруун хоймрыг эзэгнэн,БНХАУ,ОХУ-тай хил залган, гурван улсын хийлийн уулзварт оршдог.Газар нутгийн хэмжээ нь баруунаас зүүн хүртэл 200 км,хойноос урд хязгаар хүртэл 300 км нийт газар нутгийн хэмжээ 646317 га.Түүний 2743 га нь хадлан, 14750 га нь ой мод бусад нь бэлчээр байдаг.
Уул, нуруу: Сумын газар нутгийн 56.7 хувь нь Монгол алтай нурууны Улсын тусгай хамгаалалттай газарт хамрагдана.Ихэнх газар нь далайн түвшингээс 1800-2000 м ба түүнээс дээш өндөрлөгт оршдог,мөнхийн цас мөс бүхий царам,оргил,ноёлог уулс голлоно.Монгол улсын хамгийн өндөрт тооцогддог Таван богд (4374 м), Өндөрхайрхан (3914 м), Битүү (3654м), Цагаанхайрхан (3628м),Их түргэн (3507м),Баяны нуруу (3442м) зэрэг тэргүүнээс нь үүл манан үл салах хөх сүмбэр оргилууд бий.
Ус: Алтайн нурууны мөнх цаст мөсөн оргилуудаас эх авдаг Цагаан ус,Рашаант, Хоромдог, Цагаан гол,Загастай, Их хүйтэн,Их Бага түргэн,Сумдайраг,Могойт, Хатуу, Хотон,Харганат зэрэг 10 гаруй голууд Монголын баруун хязгаарын гүрээ судас мэт салаалж, Ховд голд сутган, Хар Ус нуурыг зорьдог.Энэ бүхэн Цэнгэл сумын нутагт байгаа нь үнэнхүү бахархалтай.Тэнгэрээс заяат, өлзий хутаг оршдог манай нутагт ариун тунгалаг толионд нь цаст сүмбэр уулс нүүрээ тольдсон гүн нуур олон байдаг.Орон даяар нэртэй Хурган,Хотон нуураас гадна Хоромдог, Хаг, Цагаан, Ногоон, Шар, Онхад гэхчлэн нэр бүхий олон нуур цөөрөм байдаг.
Хөрс, ургамал: Цэнгэл сум нь аймгийн хэмжээгээр ногоон хүрэм нөмөрсөн, ой мод бүхий цорын ганц нутаг гэж хэлж болно.Хурган хотон нуур буюу Сыргалын хөндий, Ховд голын ай саваар хар мод,гацуур, хуш,нарс,улиас, бургас,хус,хайлаас,яргай,улаан бургас, уулын эгц цавчим энгэр, хажуу бэлээр ба цөл газарт нь заг,харгана арц,бут зэрэг тарчиг модноос гадна чацаргана,нохойн хошуу,тошлой,хад,цлаалзгана зэрэг жимсний төгөл элбэгтэй.Ойн чөлөө, нуга, асга хад,голын хөвөө, рашаан булаг дагаж зэрлэг төмс,сонгино,хөмүүл,халиар,мангир мөөг,зэрлэг саримс ургана.
Бэлчээр ургамал нь тачиг чийрэг ч гэсэн шим тэжээл сайтай.Малын малын тарга хүчинд нэн таатай.Голын ай сав, чийлэг газруудад өлөн,зэгс, өрхөг,хурган чиг, тарваган шийр, уулын хяр бэлчээрийн болон эмийн ургамал элбэгтэй.Ялангуяа алтан хундага,дэгэд, таван салаа, хурган засаа,царван, халгай зэрэг эмийн ургамлаар баян нутаг юм.
Ан амьтан:Ой мод,гол горхи,нуур цөөрөм ихтэй үржил шим бүхий өгөөмөр нутагт ан амьтан, жигүүртэн шувууд элбэг байх нь аргагүй.Сыргалын хөндий, ойн чөлөө, уулын энгэрт баавгай, буга, гөрөөс,асга хад эгц цавчим уулын энгэрт аргал угалз, янгир ямаа идээшин нутаглана.Ирвэс, шилүүс, чоно, үнэг,хярс,нохой зээх,мануул, өмхий хүрэн,цагаан үен, тарвага,зурам, хэрэм, туулай мэтийн амьтад хаа нэгтээ үзэгдэнэ.Цэнгэлийн буянтай сайхан нутагт жигүүртэн шувуудын олон арван төрөл бий.Ялангуяа дэлхийд ховордсон, зарим орны “Улаан номонд” бичигдэж, байгалийн музейн үзмэр болсон хун,ангир, хойлог,бүргэд, ёл, начин, шонхор, шар шувуу, ууль олноор амьдардаг энэ нутгийг “байгалийн парк” хэмээн нэрлэвэл зүйд нийцэх биз.Цэнгэл сумын нутагт байдаг нуур цөөрөм, гол горхинд тул, цагаан загас, хайруус, шар загас,зэвэг, хадарана элбэгтэй.Сэрээ тор, дэгээ хэрэглэлгүй, гараар загас шүүрэх горхиуд ч цөөнгүй.Могой, мэлхий,бах, хонин гүрвэл зэрэг мөлхөгч амьтад шавар намагтай газар голын саваар амьдарна.
Уур амьсгалын нөхцөл:Тус сумын нутгаар жилийн дунджаар нэг өдөр 7-8 цаг нар гийгүүлэх боловч 12-р сард хамгийн бага 4-5 цаг, 7-р сард хамгийн их 9-11 цаг нартай байна.Жилийн дундаж цацраг тус сумын нутгаар 115-120 ккал/см2.
Тус сум нь мөнх цаст оройтой өндөр уул нуруунууд элбэг байдаг учраас өвөл урт үргилжилдэг ба хахир хүйтэн байдаг.Хамгийн хүйтэн өдөр нь 40 градусаас дээг байдаг ба хамгийн халуун өдөр 30 градус хүрэнхгүй.Агаарын температурын дундаж -4 градус, -8 градус.Хүчтэй салхи 10м/сек-ээс доош,шороон шуурга 10м/сек-ээс доош, цасан шурга 10м/сек-ээс дээш байдаг.Салхины хамгийн их хурд 20м/сек, 40м/сек, 15 м/сек-ээс хүчтэй салхитай өдрийн тоо 70-80 хүрдэг.Нэгэнт салхи ихтэй болохоор хавар, намрын улиралд шороон шуурга шуурах тохиолдол олон.Жилийн 230-250 хоног нь цэлмэг, өвлийн улирал нь урт.
Хур тунадас:Жилд 300 мм унадаг.Цасан бүрхүүл нь 5 дугаар сарын 1-ээс ханзарч эхэлнэ.Дулаан улиралын хур тунадас 300 мм ээс доош ба хүйтэн улиралын хур тунадас 30 мм-ээс дээш байдаг.
Агаарын чийгшил:Аймгийн нутаг дэвсгэрийн мчийг хангамжмйн хувьд чийглэгдүү хүйтэн өндөр уулын мужад хамаарна.Хамгийн их чийгтэй улирал 1 дүгээр сард ажиглагдана.
Байгалын баялаг, түүх дурсгалын болон үзэсгэлэнт газрууд
Сумын нутаг дэвсгэрт гол,горхи, булаг шанд,нуур цөөрөм зэрэг байгалийн ил усны нөөц ихтэй тул хадлан, бэлчээрийн талбайг усжуулах боломжтой.Цэнгэл сум нь аймгийн хэмжээнд ой модтой гол нутагт тооцогддог.Ховд голын хөндий, Цагаан голын эхээр, Хурган Хотон нуурын өмнө талаар ой хөвч байна.Хар мод, хуш, гацуур,нарс, хус,бургас, улиас яргай хайлаас ургана.Шинэсэн ойг маш их хэмжээгээр огтолж замбараагүй ашигласнаас ургамалжилтын бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдөж, нөхөн ургалт муудаж байгаа тул цаашид ойн нөхөн сэргээлтийн ажил хийх нь нэн чухал юм.Одоогоор Кемелек хэмээх газарт 5000 гаруй тонны нөөцтэй Гянтболдын орд газраас жилд дунджаар 50-100 тонн вольфрам олборлож байна.
Тус сумын нутагт төмөр, зэс, молибден, гянтболд, никель, хар тугалга,алт зэрэг,ашигт малтмалын орд болон илрэл байгаа.Үүнээс гадна элс хайрга,барилгын болон шохойн чулууны илрэл ч бий.Цаашид эдгээр ашигт малтмалын нөөцийг нь гүнзгийрүүлэн судлах,хайгуул хийж ашиглах шаардлагатай.Археологчид, түүхчдийн судалгаанаас үзэхэд Цэнгэл сумын нутагт нэн эрт үеэс уламжлагдан ирсэн булш,хиргисүүр, хөшөө дурсгал, хүн чулуу, түрэг бичээс зэрэг түүх дурсгалын үнэт зүйлс элбэг байгаа нь тус бүр нутагт аялал жуулчлалын бизнесийг хөгжүүлэх чухал хүчин зүйл мөн билээ.